Нэгдүгээр сард уншсан 3 номын сэтгэгдэл

Kush
3 min readJan 31, 2021

--

2020 онд уншсан 18 номын сэтгэгдлээ би зөвхөн Инстаграмын сторигоор хуваалцаж байсан бол энэ жил уншиж байгаа номуудаа товч блог сэтгэгдэл хэлбэрээр нийтлэхээр шийдсээн (хүмүүсээс санал авсны дүнд).

1. Сэф Гөүдин- The Practice: Shipping Creative Work (2020)

Төрөл: Хувь хүний хөгжил, бизнес

Хуудсын тоо: 272

Хэвлэлийн компани: Penguin Random House

Бүтээлч салбарын бүх хүмүүсийг сургуулил, чадварж, хийж бүтээж байгаагаа бусдад хүргэ хэмээн Сэф ах уриалж байна.

Өнөөгийн бизнесийн системд нилээд ихэссэн тоон үр дүнг шаардсан арга барил нь хүний бүтээлч байдлыг хумихаас биш цэцэглүүлдэггүй аж. Өөрөөр хэлбэл сургуулилт бол үр дүнгийн төлөөх зүйл биш. Харин сургуулилт нь өөртөө итгэж найдах хандлагыг бэхжүүлдэг. Өөртөө найдах нь шинийг бүтээх-ямар нэг зүйлийг өөрчлөхөд чиглүүлнэ. Цаашлаад сургуулилт нь биднийг өөртөө хэт итгэлтэй биш байх, зөв асуултыг эрэх зэрэг олон зөв хандлагыг суулгахад тусалдаг аж. Нөгөөтээгүүр бүтээлч ажлууд хэзээ ч хэнд ч хангалттай сайн байж чадахгүй байхад харин зарим нэгэнд нь байгаагаараа хэдийнэ хангалттай байдаг гэнэ.

Энэ ном нь энгийн асуултуудаар бүтээх арга барилд дүн шинжилгээ хийх боломжийг олгож, бидний ээрч муураад олдоггүй, бас огт бодоогүй ч хэдийнэ байсан асуултуудын гаргалгааг дэлгээд тавьчихжээ. Номын туршид “Нээрээ, тийм шдээ” гэсээр байгаад таарлаа. Ихээхэн таашаасандаа анх удаа ном орчуулмаар урам зориг ч оров.

2. Николай Рерих- “Алтай, Гималайн аялал” (1929)

Төрөл: Аялал, баримтат

Хуудсын тоо: 470

Хэвлэлийн компани: Corona Mundi, International Art Center

Оросын зураач, судлаач Рерихийн энэ номыг их удаан хайсны эцэст оллоо. Номонд 1924–1928 онд түүний Кашмир, Балтистан, Кхотан, Карашахр, Өрөвч, Монгол, Төвөдөөр аялсан тэмдэглэлээ бичжээ. Эдгээр улсуудыг хооронд нь холбогч зүйлс, хүмүүсийн соёл, тэдний яриа, гүн ухаан, шашин, түүн дундаа буддын шашин гэх мэт буулгажээ. Өмнө нь аяллын ном цөөхөн уншиж байсныг хэлэх үү бүхэлдээ юуг хайж явсан юм бол гэж бодсоор, түүнийгээ бас нэг их ололгүй номыг дуусгалаа. Ямартай ч нутаг нутгийн ахуй, соёл, уламжлал, сүсэг бишрэлийг өөриймсөгөөр мэдэрч бичье гэсэн дотны нүдээр харсан шиг санагдлаа. Номын бараг бүлэг бүрт Монголтой холбоотой янз бүрийн түүхүүд гардаг нь сонин. Буддын соёл, түүх сонирхдог хүмүүст эх сурвалж болохуйц ном байна.

3. Григорий Родченков- “The Rodchenkov Affair: How I Brought Down Putin’s Secret Doping Empire” (2020)

Төрөл: Баримтат, спорт

Хуудсын тоо: 320

Хэвлэлийн компани: Penguin Publishing

Жил бүр шилдэг спортын номыг нэрлэдэг William Hill шагналын 2020 оны номоор “The Rodchenkov Affair” шалгарлаа гэж зарлахад нь энэ жилийн номын жагсаалтдаа бушуухан тэмдэглэсэн юм. ОХУ тамирчдынхаа допингийн хариуг “сөрөг” болгосоор ирсэн тухай баримтуудыг бүрэн эхээр нь дэлгэсэн Григорий Родченков бол нэгэн цагийн тамирчин, химич мэргэжлээр суралцаж, улмаар өөрийн мэргэжил чадвараараа албан тушаал дэвшсээр “Оросын допингийн эсрэг агентлаг” (RUSADA)-ийн мэргэжилтэн, “Дэлхийн допингийн эсрэг агентлаг” (WADA)-ийн хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөлгч болж чадсан хүн. Тэрбээр өөрөө энэ бүх шинжилгээнүүдэд гар бие оролцож ирсэн бөгөөд үүний хамгийн томоохон ажиллагаа нь “Сочи 2014” өвлийн олимп байсан билээ. Ном бүхэлдээ орооцолдож зунгааралдсан, ээдрээтэй асуудлыг тойрч өгүүлэх авч, огт ойлгож цөхөөд байхгүй хэлээр бичигджээ. Минийхээр энэ бүтээл Путины засаглалын үеийн допингийн хэрэг гэхээсээ илүүтэй 1980-аад оноос аваад өнөөдрийг хүртэл хугацааг хамарсан түүхүүд байв. Уг хэргийн талаар өгүүлсэн Icarus (2018) нэртэй баримтат киног та бүхэн санаж байгаа байх. Харин номонд киноны өмнө болсон үйл явдлууд, киноны шагнал авч байгаагаас аваад ном хэвлэгдтэлээ буюу 2020 хүртэлх хэргийн явцыг нэгд нэгэнгүй тайлбарлажээ.

Номоо уншиж дуусахад Родченког зоригтойгоос гадна “ямар сайн хүн бэ” гэж хувьдаа мэдэрсэн. 21-р зууны хамгийн дуулиант хэргүүдийн нэгээр тооцогдоод байгаа энэ хэргийн талаар бичсэн зохиолч одоогоор АНУ-д улс төрийн орогнол хүсээд амьдарч буй.

***

Instagram

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm