2020 онд уншсан 18 ном

Kush
4 min readDec 28, 2020

--

хэрхэн уншсан 3 арга

Эдгээр номын товч тоймыг Instagram Story-оор нийтлээд явж байсан учраас энэ бичвэрээрээ номын тухай биш, яаж уншсан аргачлалаасаа хуваалцъя гэж бодлоо. Уншсан номуудын төрлийг ангилбал уран зохиолын-4, хөрөг намтарын-2, аяллын-2, дурдатгалын-2, мэргэжил судалгааны-7, хувь хүний хөгжлийн-1 ном тус бүр уншсан байна. Эдгээрийн хамгийн бага нь 172 нүүртэй, их нь 1000 гаруй нүүртэй байв. (Энэ жил уншсан номын жагсаалтаасаа гүйлгэж уншсан ганц хоёр номоо хаслаа.)

1. Остин Клеон- “Steal like an artist”

2. Итало Кальвино- “Үл үзэгдэх хотууд”

3. Шарлотт Чэндлер- “Зүүд бол цорын ганц бодит зүйл”

4. Франц Кафка- “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд”

5. Д.Оюунчимэг- “Оройн ганц мод”

6. Г.Аюурзана- “Бөөгийн домог”

7. Паулин Браун- “Aesthetics Intelligence”

8. Ж.Бадраа- “Их дуучны яриа”

9. Дуглас Холт, Дуглас Камерон- “Cultural Strategy”

10. Дэвид Шийлдс- “Reality Hunger, A Manifesto”

11. Га.Шаравжамц- “Шанд, Хейвэн, Хүрд, Балгас”

12. Г.И.Рамстедт- “Дорно этгээдэд долоон удаа”

13. Кассиа Ст.Клэйр- “The Secret Lives of Colour”

14. Софи Робертс- “The Lost Pianos of Siberia”

15. Эдмунд дэ Уаал- “The Hare with Amber Eyes”

16. Жан Бенедикт Стийнкэмп, Нирмалъя Кумар- “Brand Breakout”

17. Дэвид Хэйр- “The Blue Touch Paper”

18. Бэн Грийнфилд- “Beyond Training”

1. Сэдэв сэдвээ өдөөдөг

Ямар нэг сэдэв, түүхийн үүтгэл, тохиол надад үргэлж сонин хачин санагддаг юм. Нэг сэдвийг сонирхоод уншиж байтал, яг нэг хэсэг нь, эсвэл орчин уур амьсгал нь, эсвэл түүхэн цаг үе нь, эсвэл бичээчийн хандлага нь таалагдаад, тэр хам сэдвээ өөр ном, эх сурвалжаас лавшруулж уншмаар болдог биз дээ? Энэ гинжин холбоос бүхэлдээ нийлээд надад, бидэнд цогц таашаалыг өгдөг болохоор бид нэг номыг уншиж байхдаа дараагийн номоо хэдийнэ бодож амждаг юм болов уу. Өөрөөр хэлбэл нэг ном өөр номуудын тухай өгүүлдэг. Жишээ нь энэ оны номууд өөр хоорондоо уяатай:

· Чэндлерийн номын баатар найруулагч Ф.Феллини Кафкагийн тухай ярьсан учраас би Кафкаг уншсан.

· 20-р зууны эхэн үеийн монголчуудын аж байдалд хөтлөгдөж “Оройн ганц мод”, “Дорно этгээдэд долоон удаа”, “Бөөгийн домог” цаашлаад Га.Шаравжамцын номын унших сэдлийг өдөөсөн.

· Ямар нэг эд зүйлийг хэрхэн хөрөглөж бичдэгийг сониучирхсан минь “The Lost Pianos of Siberia”, “The Hare with Amber eyes” бүтээлүүдийг уншуулсан. Софи Робертс өөрийн “The Lost Pianos of Siberia” номоо бичихэд Эдмунд дэ Уаалын “The Hare with Amber eyes” ном нөлөөлсөн гэж өөрөө ч хэлсэн удаатай.

· Брэндинг хөгжүүлэлтээр сонирхож судалж байгаа маань “Cultural Strategy”, “Brand Breakout”, “Secret Lives of Colour” болон бусад номуудыг унших сэдэл болсон байна.

2. Тогтмол уншдаг цагийг хэвшүүлэх

Номоо уншихаасаа урьтаад надад ямар цаг байгаа билээ, хоёрт хэдэн хуудастай ном бэ гэдгийг би хардаг. Ном унших цагаа би аль болох өглөө эрт, ажлаасаа өмнө тавьдаг юм. Орой бид гэртээ харьж, хоол унд, гэр орны ажилд түүртээд, эсвэл ядраад ямар нэг төлөвлөсөн “ажил” нурах магадлал өндөр шүү дээ. Тэгээд ч орой ном уншиж байгаад унтахлаар би л лав маргааш нь мартах гээд байдаг тал бий. Сонгосон номоо долоо хоногийн 3–4 удаа тогтмол цагт, төдөн хуудас уншина гээд урьдчилан төлөв гаргадаг. Ажил шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ нь дадал болоод ирэх цагт тэр цагтаа төвлөрч дадахаас гадна, долоо хоногийн уншлагын бус өдрүүддээ ч номоо барьчихсан сууж байдаг.

2020 он гармагц би сардаа дор хаяж 1 ном “цааш нь харуулах” зорилго тавьсан байсан ба оны төгсгөлд 12 ном л уншчихсан байвал болох нь тэр гэж бодож байв. Их шунахгүй гэсэн санаа нь тэр. Эхний хэдэн сарын дараагаас ном уншдаг цагууд минь хэвшил болоод ирсэн учраас сараа төлөвлөхдөө арай хурдтайгаар уншаад хоёр, бүр гурвыг “идье” гэж зүтгэсэн.

3. Номын төрөл зүйлээ сөөлжүүлэх

Цаг бол мөнгө. Шулуухан санагдаж магадгүй. Муу ном унших нь надад мөнгөө дэмий зүйлд үрж байгаатай эн тэнцүү санагддаг. Гэхдээ сайн ном, жишээ нь намтарын, эсвэл судалгааны ном уншиж байна гээд оюунаа мэдлэгээр цэнэглэж байгаагийн зэрэгцээ мөнөөх утга зохиолын номуудын өгдөг сэтгэл, далд ухамсарт байдаг бодол таашаалууд, сэтгэл хөдлөлүүдээ тэжээхээ орхигдуулж боломгүй. Тэгэхээр миний хувьд мэргэжлийн, баримтат номууд дундуураа толгойгоо амрааж, өөрийгөө эрхлүүлэх үүднээс уран зохиолын номуудаар жийрэглэдэг. Нөгөөтээгүүр зохиолч Дэвид Шийлдсийн хэлснээр “Орчин цагийн намтар номууд өнөө цагийн уран зохиол юм” гэдэг үгнээс үүдээд сайн намтарууд уншъя гэсэн бодолдоо бүрэн хөтлөгдсөн. Ирэх жил ч энэ тал руу түлхүү унших хандлагатай байна. Гэлээ гэхдээ энэ жил уншсан номууд минь бүгд сайн номууд байсангүй.

2021 оны төгсгөлд энэ жилийн номоос лавшруулж ямар бүтээлүүд уншсан байхаа харж байя. Харин хэдийнэ гарсан жагсаалтаасаа яаж сонгох вэ гэж баясч, тэсгэл алдаж сууна.

Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm