Хоёрдугаар сард уншсан хоёр номын сэтгэгдэл

Kush
2 min readFeb 27, 2021

--

1. Михаил Булгаков- Мастер Маргарита хоёр (1966)

Төрөл: Роман, утга зохиол

Орчуулагч: СГЗ, Ц.Гомбосүрэн

Хуудсын тоо: 412

Хэвлэлийн компани: Интерпресс (1998)

Мастер бол зохиолч. Түүний бичсэн роман 1-р зууны үеийн Иерусалимд өрнөх бөгөөд Понти Пилат, цаазын тавцан тойрсон үйл явдал зэрэгцэн өгүүлэгдэх хэд хэдэн түүхийн нэг нь. Маргарита бол түүний романаас болж ухаанаа алдатлаа дурласан бүсгүй. Энэ хоёрыг тойрсон Москвагийн Варьете хавийн хачин жигтэй үзүүлбэр, үйл явдлууд, хүн амины хэрэг гээд бүгд далдаас удирдах мэт ад зэтгэртэй холбоотой. Романд гурав дөрвөн үйл явдлууд зэрэгцэн өрнөх нь алсуураа мэдээж хоорондоо учир холбоотой.

Романаас хайх миний эрэл бол ширхэг хийгээд бүхэл байдлууд, үйл явдал хийгээд уур амьсгалын хөтөч. Яагаад ийм юм бичив, аль хэсэг нь зүүд, аль нь хийсвэрлэл, басхүү аль нь зориуд “хүчлэл”. Романы өгөх цаад гүн санаа, өөрийнх нь бичсэн нөхцөл нийгмийн байдлын тусгал байгаа болов уу? Цаашлаад примус, тос, морьд, дэс тоот хаалга, байшин, нууцлаг дүр бүрийн цаана ямар утга учир байгаа юм бол гэх мэт таамгууд.

Ц.Гомбосүрэн гуай романыг гайхалтай орчуулжээ. Алдаа мадаг ч бараг олж харсангүй. Номыг унших явцдаа Библи дээр гардаг ромынхон, Понти Пилатын баримтуудыг ахин нэг харах сэдэл төрлөө.

2. Линда Бэрри- What it is (2009)

Төрөл: График роман, баримтат, хувь хүний хөгжил

Хуудсын тоо: 210

Хэвлэлийн компани: Drawn and Quarterly

“Бичдэг ч байсан болоосой гэж мөрөөдөж байв уу?” гэсэн дэд гарчигтай энэ бүтээл нь хүүхэлдэйн зураач, зохиолч Линда Бэрригийн нэг талаас дурдатгал, нөгөө талаас өөрийгөө хөгжүүлэх ном. Дүрс гэж юу юм бэ, дүрс хаана оршдог вэ, дүрслэлийг юугаар хийдэг вэ, дүрс хөдөлгөөнд оршиж байна уу гэх мэт маш олон энгийн хэрнээ бидний магадгүй тэр бүр боддоггүй ухагдахуунуудыг асууж сэрээсэн маш гоё бүтээл байна. Гэхдээ номын зорилго нь эдгээр асуултын хариуг олохдоо биш асуухдаа, асуунгаа өөрт буусан дүрсээ хэрхэн буулгаж түүхийг бичихэд чиглүүлнэ. Нийт 6000 орчим өөрийнх нь зурсан зургуудыг коллаж болгож бичсэн энэ номыг хурдан уншвал хоёр гуравхан цагт болохуйц боловч тэгж уншина гэхэд хэтэрхий хайран, нээж илрүүлж ажиглаж, мэдрэх маш олон зургуудтай. Тийм болохоор хэргээр 5 хоногт “удаашруулж” уншиж, бас зарим хэсэгт нь тэмдэглэж, ажиллаа. Бичихийг хүсдэг, оролддог хүнд бага ч атугай санаа, зурдаг хүмүүст нилээд олон санаа өгөхүйц коллаж зургаар дүүрэн ном ажээ.

***

Instagram

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm