Тавдугаар сард уншсан 4 номын сэтгэгдэл

Kush
4 min readMay 31, 2021

--

Андрей Тарковский- “Хугацаан доторх хугацаа” | Өдрийн тэмдэглэл, ярилцлага (Анхны хэвлэл-1989, монгол хэл дээрх хэвлэл- 2017)

Төрөл: Баримтат, өдрийн тэмдэглэл, кино

Хуудасны тоо: 430

Хэвлэлийн компани: “Тагтаа” хэвлэлийн газар

Орчуулагч: П.Номинбилэг

“Тагтаа” хэвлэлийн газарт утга зохиолын бүтээлүүдээс гадна Ф.Феллини- “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, О.Памук- “Истанбул- Хот ба дурсамж”, Ницше, Сартр гэх мэт баримтат бүтээлүүдийг сэтгэл хөдөлмөр гарган хэвлүүлсэнд нь баярлаж явдаг юм. Тэдний нэг болох аугаа кино найруулагч А.Тарковскийн өдрийн тэмдэглэлийг эмхэтгэсэн уг ном нь урлагийн мань мэтэд үнэхээрийн ус агаар болжухуй. Найруулагчийн мөн чанар, идеал тэмүүлэл, оршин буйг нь яг л тэр хэвээр нь буулгасан шиг мэдрэгдсэн. Олон ч үгсийг нь тэмдэглэж үлдлээ.

2. Стивен Прэссфилд-The War of Art | Winning the Inner Creative Battle (2002)

Төрөл: Баримтат, хувь хүний хөгжил

Хуудасны тоо: 194

Хэвлэлийн компани: Rugged Land

Уран бүтээлчийн хөгжлийн энэ номонд олон гос санаануудыг дэвшүүлжээ. Өөрийн хил хязгаартай байх, шатлалт системийн ялгаа, бүтээгчийн эго болон бүтээгч өөрөө, шүтээнтэй байх шүтээнгүй байх, туурвигч хийгээд сайн дурын уран сайханчийн ялгаа гэх мэт ойлголтуудыг өөрийн өнцгөөр тайлбарласан байна.

3. Дуглас Стюарт “Shuggie Bain” (2020)

Төрөл: Роман

Хуудасны тоо: 430

Хэвлэлийн компани: Grove Press New York

2020 оны Booker шагналын эзэн.

Романтай огт хамаагүй чин үнэн нь номын бараг шахуу дунд хүртэл над руу ерөөсөө орохгүй байлаа. Тэр нь зүгээр л миний төвлөрөх чадамж юмуу мэдэхгүй нэг л болж өгөхгүй, гүйлгээд байв. Даацтай утга зохиол ер нь л түвэгтэй байдаг даа. Тийм бүтээл ер нь ойр ойрхон уншиж байхгүй бол номыг хялбар уншиж дуусгана гэдэг гэнэн бодолтой эхлүүлчихэж л дээ. Сайн сайхан бүтээл аж. Ярьж өгдөг. Дагуулдаг. Уур амьсгал бүрдүүлдэг. Цочоодоггүй. Сонгодог бүтээл шиг. Шотланд. Энгийн. Төгсгөлд нь уйлах вий!

Зохиол Шаггийн гэр бүл, түүний архичин ээжийн амьдралын тухай юм шиг боловч тэр бүхэн Шаггийн нүдээр л харагдаж, Шаггийг л тодруулаад байх шиг. Шагги л хайр татам, Шагги л ноомой. Тэр л хариуцлагыг үүрэгч юм шиг… Гэлээ гэхдээ хэн нэгний цөхөрсөн амьдрал хэний ч буруу биш. Тэр зүгээр л амьдрал.

4. Жеймс Фэнтон Yellow Tulips | Poems 1968–2011 (2012)

Төрөл: Шүлэг, яруу найраг

Хуудасны тоо: 164

Хэвлэлийн компани: Faber & Faber

Шүлгийн номыг үе үе дэлгэж уншвал зүгээр байдаг хэдий ч нэг л мэдэхэд энэ төрлийн номнууд орхигдож, уншилгүй удсанаа анзаарсандаа эхлүүлэв. Яруу найргийн номыг магадгүй яруу найргаар л тайлбарлах боломжтой. Ийм номыг уншихад уншигч өөрөө бэлэн (цангасан, хоосорсон) байх эсэхээс шалтгаалж “ордог”. Шүлгийн заримд нь би бэлэн биш, зарим нь догдлолуудтай байсан нь тухайн мөчийн миний сэтгэлтэй л холбоотой байсан биз. Шүлэг гэдэг төсөөлөл бодит гэдгийг, магадгүй хязгааргүйг хэмжих гэж, тэгэхдээ үнэнийг хэлэх гэж байдаг байх. Фэнтоноос бас л тийм мэдрэмж уншлаа. Магад шүлэгч бүхэнд нэг л үнэмшил байдаг байх. Түүнийг гагц мэдрэмжээр л ойлгох боломжтой. Үнэхээр гойд шүлгүүд.

А.Тарковскийн номонд ийм мөрт байлаа:

“Урлаг, уран бүтээл хэзээд зүйрлэлийн үүрэг гүйцэтгэдэг гэвэл яруу найраг урлаг биш болж таарна”.

(200-р тал)

***

Санал болгох:

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm