Зургадугаар сард уншсан 4 номын сэтгэгдэл

Kush
4 min readJun 30, 2021

--

Goodreads-ийн 2021 онд унших сорилоо дуусгачихсан тул шинэчлэлээ. Оны төгсгөлд хэдэн ном уншсан байхаа харж байя, тэ?

Майкл Ф.Ройзен, Мехмет Ц.Оз- You- The Owner’s Manual- Inside your Body (2005)

Төрөл: Баримтат, физиологи, сурах бичиг

Хуудасны тоо: 417

Хэвлэлийн компани: HarperCollins Publishers (Australia)

Хүний бие түүн дундаа зүрх судас, тархи, уушги, хоол боловсруулах систем, дотоод шүүрэл, хөдөлгөөн дасгал, нөхөн үржихүйн эрхтэн, дархлааны систем, хавдар зэрэг сэдвүүдийг энгийн уншигчдад тайлбарлаж бичсэн ном байна. Нэг талаар ойлгомжтой тайлбарлах гэж оролдсон нь сайн хэрэг ч нөгөөтээгүүр биологийн бүхий л зүйлийг хялбаршуулж тайлбарлах нь бага зэрэг илүүц санагдлаа. Номын нэг авууштай зүйл нь дасгал хөдөлгөөн л ердөөсөө хүнийг урт наслуулж, эрүүл байлгах хүчин зүйл гэдгийг хэлэхийн зэрэгцээ дээрх сэдэв болгоны хүрээнд хуанлийн биш физиологийн нас нь яавал залуу байх тухай хэлсэн явдал. Физиологийн тухай сайн ном уншсан хүмүүс энэ номыг жаахан голох байх.

2. Н.Жанцанноров- “Монголын хөгжмийн арван хоёр хөрөг” (Сонатын Аллегро) (1996)

Төрөл: Баримтат, хөгжим, сурах бичиг

Хуудасны тоо: 200

Хэвлэлийн компани: Admon компани, гурав дахь хэвлэл (2007)

Нэг талаас дурдатгал, нөгөө талаас хөгжмийн судалгааны тойм 12 хөрөг бичвэрээс бүрдсэн ном аж. Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн тулгын чулууд, тэднийд залгамжлагчид болох нийт 12 хөгжмийн зохиолчийн тухай бичихдээ бүтээсэн бүтээлүүдийн жагсаалтаас гадна яг ямар бүтээлээрээ шинэчлэл хийж, гавьяа байгуулж, түүнийг нь хойч цагийн бид хэрхэн мэдэж явах учиртай гэсэн өнцгөөс баримтжуулж, басхүү өөрөө дүн шинжилгээ хийж бичсэн байна. Бүтээлийн жагсаалт нь миний бодлоор арай дутуу чиг юмуу гэж анзаарлаа. Гэхдээ үнэхээрийн энэ ном байгаагүй сэн бол бид ямархан эх сурвалжаас 20-р зууны хөгжмийн хөгжмийн зохиолчдоо таниж баримжаалах байсан юм болоо бүү мэд. Харин номын 13 дахь хөргөөр номын зохиогч Н.Жанцанноров гуай өөрөө багтах (Сонатын 2-р анги биш, Сонатын Аллегродоо багтах тул) учиртай л юм даа гэж бодлоо.

3. Майк Монтеиро-Design is a Job (2012)

Төрөл: Баримтат, уран бүтээлчийн хөгжил, вэб дизайн

Хуудасны тоо: 135

Хэвлэлийн газар: A Book Apart

Номын эхний хэсэгт үйлчлүүлэгчтэй хэрхэн тохиролцох, гэрээ хийх, хуульчтай байх гэх мэт үйлчлүүлэгч-дизайнерын ажлын харилцааны тухай, хоёрдугаар хэсэгт өөрийн багтайгаа хэрхэн ажиллах талаар мэргэжлийн вэб дизайнер байх шаардлагатай чадвар, ойлголт, мэдээллүүдийг өөрийнхөө туршлага дээр үндэслэн зөвлөжээ. Өөрт тохиолдсон (бидэнд ч тохиолдож болох) алдаа мадгийг үнэнээр бичсэн нь таалагдлаа. Гэхдээ номонд алмайрам санаа сэдэл ховор.

Мань хүний хэлж байгаа зарим санаануудаас:

Өөрөөсөө ухаалаг хүнийг багтаа ав. Тэр хүнийг өөр нэгэнд ажиллаж байхыг хармаар байна уу? Эсвэл хамтдаа ажилламаар байна уу гэдэг өнцгөөс хараад үзээрэй.

Ажил дээрээ бид бүтэлгүйтдэг. Гагцхүү бүтэлгүйтлийн шийдлийг олоод давж гарсан нь сургамж болж үлддэг.

Ажлаа үйлчлүүлэгчдээ өгөөд хэзээ гэхэд санал хүсэлтээ (feedback) авахаа тодорхой хэл.

Дизайнеруудын багт хэн нь ямар ажил хийхээ эхнээс нь тодорхой байлга. Түүнчлэн хэн нь аль аль үйлчлүүлэгчтэй тохиролцохоо тодорхойл.

4. Иэхуда Амихай- “Love poems” (1986)

Төрөл: Шүлэг

Хуудасны тоо: 130

Хэвлэлийн газар: Schocken Publishing House

Шүлгийн тухай шүлэглэхээс бусдыг бичээд дэмий. Амихайн шүлгүүдтэй Г.Лхагвадуламын орчуулгаар цөөнгүй жилийн өмнө танилцаж байсан. Дараа нь энэ номыг Тел Авивт явахдаа авч билээ.

Номонд түүний хайрын шүлгүүдийг багтаажээ. Гэхдээ нялуун биш. Нялуун байвал угаасаа шүлэг биш болно л доо. Ганц амраг, хосын хайр биш хотын, юмсын, мөнхийн, зуурдын, хүн хоорондын тухай, болно гээд болоогүй юмсын тухай. Иерусалим…

Сардаа нэг шүлгийн ном унших өөртөө өгсөн даалгавараа хаячих гээд л байна шүү. Уул нь үргэлжилсэн үгийн дэргэд амар санагдмаар.

***

Санал болгох:

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm