Долдугаар сард уншсан гурван номын сэтгэгдэл

Kush
3 min readJul 31, 2021

--

Ф.М.Достоевский- “Солиот” (1869)

Төрөл: Сонгодог уран зохиол

Хуудасны тоо: 800

Хэвлэлийн компани: “Болор судар” ХХК (2015 оны гурав дахь хэвлэл)

Орчуулагч Ц.Гомбосүрэн

Сонгодог гээд хүн төрөлхтөн нэгэнт “шалгачихсан” бүтээлийн талаар би юу гэх вээ. Үйл явдал, драм чухал. Гэхдээ хамгийн чухал нь биш. Хүн гэдэг амьтан ер нь ямар янзын муу, сайн, муухай бас сайхан дотортой юм бэ. Ямар нэг юмны, за бүр тодруулбал нүглийн уг буруутан нь хэн бэ гэдэг нь яагаад хүнд тийм их чухал юм бэ? … Зарим зохиолч, найруулагчдын далд байдаг “Хэрэв би Бурхан байсан бол…” гэж хийсэн бүтээлийг мэдрэх сайхан байдаг шүү.

Тим Феррисс- The 4-Hour Body (2010)

Төрөл: Баримтат, өөртөө туслах, эрүүл мэнд, аудио ном

Цаг: 3 цаг 51 минут

Анх удаа аудио ном “уншиж” үзлээ. Тимийн энэ номыг нэг харчихъя гээд жагсаалтдаа багтаагаад багагүй хугацаа өнгөрлөө. Өөртөө туслах физиологийн ийм төрлийн номнууд дотроос арай сонирхолтой санагдлаа. Бусад номнуудтай ижил тал нь хэрхэн цусны даралтаа хянах, илчлэгээ зохицуулах, хоол тэжээл, дасгалжих гэх мэт түгээмэл сэдвүүдийг багтаасан бол өөр бусад номонд нэг их өгүүлээд байдаггүй нь бэлгийн амьдрал, ялангуяа эмэгтэйчүүдийн дур ханалтын тухай тусгайлан бичсэн нь шинэ сонин байв. Эрүүл мэндийн өөртөө туслах номнууд огт уншиж байгаагүй хүмүүст дажгүй зөвлөгөө өгөх болов уу.

Н.Жанцанноров- “Миний л харгуй” (2019)

Төрөл: Дурдатгал

Хуудасны тоо: 203

Хэвлэлийн компани: “Гэрэл пресс” ХХК

Онолын тайлбараар намтар ном бол баримтад тулгуурласан байх шаардлагатай бүтээл байхад дурдатгал ном бол бичээчийн оюун санаа, түүний учир зүйд үлдсэн дурсамжуудаар бичигддэг. Нэг үгээр бол дурдатгал номын баримт бүхэн үнэн байх алгагүй гэсэн үг. Н.Жанцаноров гуайн энэ бүтээл нь өөрийн дурдатгалыг намтарчилсан дэс дараагаар бичсэн юм байна. Тэхдээ бүр ажлын тайлан маягтай бичиж. Нутаг ус, эцэг эх, бага наснаас аваад сургуульд явсан, ирсэн, хашсан алба, хийж бүтээсэн ажлууд гэх мэт. Бага нас, хөдөө нутгийн дурдатгалууд хотын мань мэтэд танин мэдэхүйн шинжтэй, басхүү ихээхэн амттай бичиглэлтэй. Харин үлдэж буй дийлэнх хэсэг нь зөвлөлтийн үеэс аваад өнөөг хүртэл Монголын урлагийн тогоонд ямар бодлого санаа, бас ямар сэтгэлээр (энэ үгийг заавал бичих ёстой) тулга барилцаж ирсэн, түүний бүтээлч сэтгэлгээ, өөрийн дуудлага оршнолын ухаарлаа хэрхэн гүйцэтгэхийг хичээж ажилласан туршлагуудаа маш тодорхой бичсэн байна. Ингэж бичсэн нь урлаг соёлын бодлого сүүлийн 50 гаруй жилд (гэхэд болох байх) ямар янзтай байсан талаар ханатай ойлголт өгнө. Гагцхүү өөрөө би хөгжим, урлагийн гарвалтай хүний үүднээс түүний 1979–1993 онд ажилласан төрийн захиргааны алба хашсаныг “түүнээс өөр хүн байгаагүй л юм байх даа” гэсэн харам, гайхам бодол ахин дахин төрөөд байснаа энд биччихье. Урлаг соёлын амьдралыг дээрх хугацааны хүрээнд энэ хүний өнцөгөөр харсан баримтуудыг өөр хүмүүсийн харсан үзсэнтэй нийлүүлбэл ямар дүр зураг буух бол оо? Сонирхолтой л байх болов уу. “Миний л харгуй” номонд түүний хувийн амьдралаас ахиу өгүүлэгдсэн байх гэсэн төсөөлөл минь дундуур хоцорсон. Гэлээ гэхдээ номын сүүлийн хуудсыг эргүүлж дуусаад Жанцанноров гуайн чин идеалыг мэдрэх шиг боллоо.

***

Санал болгох:

Зургадугаар сард уншсан номнууд

Тавдугаар сард уншсан номнууд

Дөрөвдүгээр сард уншсан номнууд

Гуравдугаар сард уншсан номнууд

Хоёрдугаар сард уншсан номнууд

Нэгдүгээр сард уншсан номнууд

2020 уншсан 18 ном

Сошиал хуудсууд:

Instagram

Twitter

Goodreads

--

--

Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm